INFP зан төрх (Зуучлагч) бүхий хүн та өөрийнхөө төдийгүй бусдын мэдрэмжийг гүн гүнзгий мэдэрдэг. Таныг зовоож байгаа тэр үдэшлэгийн урилга уу? Үгүй гэж хэлбэл найзын тань сэтгэл гонсойхыг урьдчилан төсөөлчихсөн байдаг. Өөрт тань чухал нэг санаа байна уу? Сэтгэлийн гүнд цоролзож байгаа ч, үл ойлголцол үүсгэхээс болгоомжилж дотроо хадгалсаар л.
Таны энэрэнгүй байдал бол таны хүч чадал төдийгүй сул тал. Энэ нь танд бусдын сэтгэл хөдлөлийг нарийн мэдрэх чадвар өгдөг ч нөгөөтэйгүүр өөрийнхөө мэдрэмжийг анхаардаггүй болгодог. Та үнэндээ татгалзмаар байгаа хэдий ч "тийм" гэж хэлсээр – ингэснээр хүсэл, хэрэгцээ тань бусдын таашаалыг олоход дарагдсаар байдаг. Хэрэв энэ бүхэн танд танил санагдаж байвал та бусдад таалагдахыг хэт хичээдэг, өөрөөр хэлбэл бусдын хэрэгцээг өөрийнхөөсөө дээгүүрт тавьдаг хэв шинжтэй байх магадлал өндөр.
Энэ нийтлэлээр бид INFP хүмүүс яагаад бусдад таалагдахыг хэт хичээдэг талаар дэлгэрэнгүй авч үзэж, өөрийгөө үл орхигдуулж сурах арга замууд болон үүний ач холбогдлыг танилцуулна.
INFP болон бусдад таалагдах хандлагын тухай энэ нийтлэл нь илүү өргөн хүрээний судалгааны нэг хэсэг юм. Дэлгэрэнгүйг манай “Бусдын хэрэгцээг нэн тэргүүнд тавихуй: Хувь хүний зан чанар ба бусдад таалагдах хандлага” нийтлэлээс уншаарай.
INFP хүмүүсийн бусдад таалагдах хандлагыг шинжлэх нь
INFP хүмүүсийн нийгмийн харилцаандаа авч явдаг онцгой зан чанарууд нь тэднийг бусдад таалагдах зан төлөв рүү хөтлөх хандлагатай болгодог.
Өмнө дурдсанчлан, гүн гүнзгий энэрэнгүй сэтгэл таны мөн чанарт бий. Энэ нь бусдын мэдрэмжийг бүр ч хүчтэй мэдрэхэд хүргэдэг. Тэдний гонсойхыг та өөрийн гэж хүлээж авдаг. Тэдний баяр хөөр таныг гэрэлтүүлдэг. Ийм гүн сэтгэл ханамж нь та өөрийгөө мартаад ч хамаагүй бусдын сэтгэл санааг хамгаалах хандлагыг бий болгодог.
Тийм ч учраас манай “Бусдад Таалагдах” судалгаа-наас үзэхэд INFP хүмүүсийн 83% нь “үгүй” гэж хэлбэл хүмүүс гонсойх вий гэж айсандаа хүсээгүй зүйлдээ ч “тийм” гэж хэлдэг гэсэн байна.
Энэхүү хандлага нь ялангуяа сөргөлдөөн үүсэх болзошгүй нөхцөлд маш тодорхой ажиглагддаг. Зүгээр л үл ойлголцлын тухай бодох төдийд л таны тархинд хамгийн муу үр дагаврууд эргэлдэж эхэлдэг. Үүнийг бодит байдал болгохгүйн тулд зарим INFP хүмүүс чимээгүй мөртлөө бусдын хүслийн дагуу ханддаг.
Манай судалгаанд энэ хандлага тодхон ажиглагдаж байгаа. 16 зан чанарын төрлөөс хамгийн өндөр буюу INFP хүмүүсийн 88% нь “бусдыг тавгүйтүүлэхээс зайлсхийхийн тулд өөрийн жинхэнэ сэтгэл хөдлөлөө нууж хоцордог” гэж хариулсан.
Энэ тоо INFP хүмүүс яагаад бусдын сэтгэл санааны ая тухыг өөрийн илэрхийлэл, хэрэгцээнээс ч дээгүүрд үздэг болохыг тодорхой харуулж байна. Заримдаа та бодит мэдрэмжээ чимээгүйхэн дотроо хадгалчихвал илүү тухтай юм шиг мэдрэгддэг. Гэхдээ энэ нь юуны төлөө вэ?
Бүх INFP хүмүүс бусдад таалагдахтай холбоотой асуудалтай тулгардаг ч, Тогтворгүй INFP хүмүүс (INFP-T) энэ хандлагаас ангижрахад илүү их бэрхшээлтэй тулгардаг. Судалгаанаас харахад тод томруун ялгаа бий: Тогтворгүй INFP-үүдийн 88% нь “хүмүүс миний талаар юу гэж бодож байгаа бол” гэж их санаа зовдог гэж хариулсан бол Тууштай INFP-үүдийн (INFP-A) хувьд энэ үзүүлэлт ердөө 33% байна.
Тогтворгүй INFP хүмүүсийн хувьд бусдын гомдоллохоос айх айдас, төрөлхийн энэрэнгүй хандлагатай хосолж, тэднийг улам бүр бусдад таалагдахын төлөө өөрийгөө золиослохад хүргэдэг. Тэд өөрийгөө шүүмжлэх хандлагатай байдаг тул харилцаа буурсан тохиолдолд өөрийгөө л буруутгах нь элбэг. Энэ нь хил хязгаар тогтоох оролдлого бүрийг хүсэн хүлээдэг бусдын батламжийг алдаж магадгүй гэсэн айдастай холбож, хэцүү нөхцөл байдал үүсгэдэг.
Бусдад таалагдахаа хэрхэн зогсоох вэ
Бусдыг түрүүлэн тавих нь заримдаа сайхан холбоо, халамжит харилцааг бий болгодог. Гэхдээ энэ нь байнга давтагддаг хэв маяг болчихвол хамгийн чухал зүйл буюу өөрийнхөө сэтгэцийн болон сэтгэлийн эрүүл мэндийг орхигдуулж эхэлнэ.
Үргэлжилсэн байдлаар бусдад таалагдах гэж оролдох нь цуцалт, харилцааны эвдрэл болон өөрийн мөн чанараа гээхэд хүргэдэг. Та нөхөрлөлд оролцож байгаа ч үнэндээ өөрийгөө ойлгуулж чадалгүй, энергиэ соруулахаас цаашгүй зүйлд зөвшөөрч, бусдын хүсэлд тулгуурласан, харилцан хүндлэл, ойлголтгүй холбоо байгуулах хандлагатай болно.
Хүн бүрийн хэрэгцээг дээгүүр тавьдаг зуршлаа арилгаж, INFP зан төрхтэй хүний хувьд өөрийгөө мартдаг зуршлаасаа салмаар байна уу? Та бүхэнд тус болох гурван стратегийг танилцуулж байна.
1-р стратеги: Өөрийгөө боловсруулах орон зай бий болго
INFP хүмүүс төрөлхийн гүн бодолтой, эргэцүүлэл хийх дуртай байдаг ч та олон удаа өөрийн бодлоо нягтлах ч завдалгүй “тийм” гэж хэлдэг байж мэднэ. Гэхдээ энэ автомат хариу өгөх хандлагыг түр зогсоовол яах вэ? Юу хүсэж байгаа тухайгаа өмнө нь сонсож чаддаг орон зай үүсгэвэл?
Бусдад таалагдах хандлагаа хянахын тулд хүсэлт, хариуд хүлээх хугацаа оруул. Хэн нэгэн танд ямар нэг зүйл хүсэхэд дараах хариултуудаас ашиглаарай:
- “Энергийн түвшингээ шалгаад маргааш хариу өгье.”
- “Намайг бодож байсанд баярлалаа! Түр бодох хэрэгтэй байна.”
- “[тодорхой цаг]-д хариу өгч болно биз?”
Эдгээр үгс танд дотроо уг хүсэлтийн талаар болон өөрийн эрч хүч, нөөц бололцоог бодитоор дүгнэх боломж өгнө.
Ихэнх хүмүүс таны ийм нухацтай хандлагыг хүндэтгэнэ. Өөрөөр хэлбэл, яарсан зөвшөөрөл, дараах халширсан оролцоо эсвэл цуцлагдахаас илүүтэйгээр таны бодлоготой хандлагыг үнэлдэг.
Харин хэн нэгэн таны ийм зав авах хүсэлтэд сөрөг хандвал? Түүний үйлдлийг анхаарч ажиглаарай. Хэрэв хэн нэгэн таны энгийн эргэцүүлэх хүсэлтийг хүндэтгэж чадахгүй байвал тэр хүн таны сайн сайхны төлөө биш байх магадлалтай. Эрүүл харилцаа гэдэг нь хоёр талын хэрэгцээнд орон зай гаргадаг байх ёстой.
2-р стратеги: Бодлоо бичгээр илэрхийлж тодорхой болго
Мэдрэмжийг дотроо боловсруулсны дараа тэдгээрийг илэрхийлэх зөв үгийг олох нь дараагийн сорилт болдог.
Эргэлзээтэй бодлууд, төвөгтэй мэдрэмжүүдээ дуугаар илэрхийлэх хэцүү санагддаг уу? INFP хүн бол тэр бүхнийг амнаасаа гаргахад төвөгтэй ч, хуруугаараа бичихэд илүү амар байж мэднэ. Эрчимтэй яриа, хил тогтоох асуудлуудын талаар бусадтай ярилцахаасаа өмнө өөртэйгөө бичгээр ярилцаарай.
Өдөрлөгийн тэмдэглэл эсвэл утасны тэмдэглэлээ нээгээд юу санаанд орж байгаа бүхнээ бич. “Яагаад “үгүй” гэж хэлэх хэцүү байна вэ?”, “Би үнэндээ юу хүсээд байгаа вэ?”, “Хэрэгцээгээ хэрхэн зөөлөн ч тууштай илэрхийлж болох вэ?” гэх зэргээр. Ингэснээр бүдэг бадаг мэдрэмжийг тодорхой, ойлгомжтой бодолд хувиргах боломжтой болдог.
3-р стратеги: Төсөөллөө өөрийн төлөө ашигла
Хэрэв та хил тогтоох эсвэл хэрэгцээгээ илэрхийлэх үед дараах сөрөг үр дагаврууд бодогддог бол – сэтгэлээр унах, харилцаанд сэв суух, таагүй уур амьсгал бий болох гэх мэт. Гэхдээ та INFP хүний хувьд асар хүчтэй төсөөллийн чадвараа өөртөө ашигтай аргаар ашиглаж болохгүй гэж?
Тархиа хамгийн муу хувилбарууд руу хөтлөхийн оронд, дараахи хандлагуудаас ашиглаад үз:
- Дотны найз чинь яг ийм байдалд орсон бол гэж төсөөл. Түүнд ямар зөвлөгөө өгөх байсан бэ?
- Хоёр тал адилхан сонсогдож, ойлголцож байгаа эерэг яриаг төсөөл.
- Үнэнчээр өөрийнхөө бодлыг хуваалцсанаар харилцаа илүү бат бөх болсон нэг жишээгээ эргэн сана, энэ нь таны хүлээлтийг чиглүүлэхэд тусална.
Таны төсөөлөл айдсыг тэжээхийн оронд өөрт итгэх итгэлийг тань бэхжүүлэх хэрэгсэл байж чадна. Энэ нь танд урагшаа алхах замыг заахад тусална.
Эдгээр стратегийг ашиглаж эхлэхдээ жижиг зүйлсээс эхэлж, аажмаар илүү хэцүү алхмууд руу шилжээрэй. Өөрийн хэрэгцээг хүндэтгэж эхлэх бүр нь зөв зүг рүү хийж буй чухал алхам юм.
Эцсийн үг
Бусдад таалагдах хандлагаа багасгана гэдэг нь таны нинжин сэтгэлийг орхих гэсэн үг биш. Харин энэрэл, жинхэнэ өөрийгөө зэрэгцүүлэн орших боломжийг бүрдүүлж байгаа хэрэг. Өөрийн энэрэл, бас хил хязгаарыг зэрэг хүлээн зөвшөөрч чадсан цагт та илүү чин сэтгэсэн, гүн холбоо тогтоох боломжтой болно – энэ л бол INFP зүрх сэтгэлийн жинхэнэ хүслэн.
Дэлгэрэнгүй унших
- Бусдад таалагдахын тулд зангаа өөрчилдөг байдлыг өөр өөр зан төрхтэй хүмүүс хэрхэн даван туулж чаддаг талаар сериал нийтлэлүүдийг уншаарай.
- Өөртөө уучлал үзүүлэх нь: INFP хүний хувьд өөрийгөө шүүмжлэхээс энэрэх рүү
- Зуучлагчид (INFP) ба өөрийгөө эргэцүүлэх: Өөртөө амар тайвныг олох нь
- INFP зан чанар ба ганцаардлын гурван хэмжээс
- Та өөрийгөө илүү гүн танихыг хүсэж байна уу? Premium Report авч, таны INFP зан чанарт нөлөөлдөг нэмж 12 шинж чанарыг хэрхэн ойлгож, бусадтай харилцах арга барилтай хэрхэн уялддаг болохыг мэдэж аваарай.