Хамгаалагч
Хайрыг зөвхөн хуваалцсанаар нахиалдаг. Бусдад өгч байж өөртөө илүү ихийг авч чадна.
Хамгаалагчдын (ISFJ) даруухан, биеэ барьсан байдал нь дэлхийг тойрон эргэлдэхэд тусалдаг. Ажилсаг, үнэнч, ийм төрлийн зан чанартай хүмүүс тойрон хүрээлж буй хүмүүсийн өмнө үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарладаг. Хамгаалагчдыг эцсийн хугацаанд амжиж, төрсөн өдөр, онцгой үйл явдлуудыг санаж, уламжлалаа дагаж, хайртай хүмүүс дээрээ халамж, тусламж дэмжлэгийг асгаруулна гэдэгт найдаж болно. Гэхдээ тэд хийж байгаа бүхнээ хүлээн зөвшөөрөхийг шаарддаггүй бөгөөд үүний оронд хөшигний ард байхыг илүүд үздэг.
Энэ нь олон талын авъяастай, чадварлаг ба ажилсаг зан чанарын төрөл юм. Хэдийгээр тэд эмзэг мэдрэмтгий, халамжтай ч гэсэн Хамгаалагчид маш сайн аналитик чадвартай бөгөөд нарийн ширийн зүйлсийг анзаардаг. Мөн биеэ барьдаг ч гэлээ хүмүүстэй харилцах маш сайн хөгжсөн ур чадвартай, бат бөх нийгмийн харилцаатай байх хандлагатай байдаг. Хамгаалагчид бол үнэхээр харилцан үйлчлэлтэй хүмүүс бөгөөд тэдний олон талт давуу чанарууд нь өдөр тутмын амьдралынх нь хамгийн энгийн зүйлс дээр хүртэл тодрон харагдана.
Үнэнч чанар
Хамгаалагчдын хамгийн онцлог шинж чанаруудын нэг бол үнэнч байдал юм. Нөхөрлөл эсвэл харилцаагаа хүчин чармайлт дутсанаас болж замхран одохыг зөвшөөрөх Хамгаалагч нар ховор. Үүний оронд тэд ердөө “Юу байна даа?” гэсэн зурвас илгээх биш харин хайртай хүмүүстэйгээ бат бөх харилцаагаа хадгалж авч үлдэхийн тулд их хэмжээний эрч хүч зарцуулдаг. Ийм зан чанартай хүмүүс найз нөхөд, гэр бүлийн гишүүд нь хүнд хэцүү үеийг даван туулах үед бүх зүйлээ хаяад тусламжийн гар сунгадгаараа алдартай.
Хамгаалагчдын үнэнч байдал нь тэдний хамгийн ойр дотны, эрхэм хүмүүсээр хязгаарлагдахгүй бөгөөд энэ нь ихэвчлэн тэдний хамт олон, ажил олгогчид, тэр бүү хэл гэр бүлийн уламжлалд ч хамаатай байдаг. Гэвч тэдний тууштай байдал, туслах хүсэл эрмэлзэл нь өөрийн гэсэн сул талуудтай байж болно. Бусад хүмүүс Хамгаалагчдын тусархуу, ажилсаг зан чанарыг ашиглаж, тэднийг ядарч туйлдсан, хэт их ачаалалтай болгоод орхиж магадгүй. Харин Хамгаалагчид өөрчлөлтийн тухай эргэцүүлэн бодох, тэр байтугай өөртөө, харилцаа холбоондоо эсвэл өнгөрсөн хугацаанд хийсэн зүйлст зохих өөрчлөлтүүдийг оруулахдаа өөрийгөө гэм буруутай мэтээр мэдэрч, стресстэж болно.
Хамгийн өндөр стандарт
Хамгаалагчдын хувьд “хангалттай сайн” гэдэг нь маш ховор тохиолдолд л хангалттай сайн байдаг. Ийм төрлийн зан чанартай хүмүүс төгс төгөлдөрт хүрэх хүртлээ нямбай байж чадна. Тэд үүрэг хариуцлагыг өөр дээрээ аваад, бусдын хүлээлтийг давахын тулд чадах бүхнээ хийдэг.
Гэхдээ Хамгаалагчдын хүчин чармайлт анзаарагдахгүй эсвэл үнэлэгдэхгүй өнгөрвөл яадаг вэ? Хамгаалагчид өөрсдийн ололт амжилтыг дутуу үнэлдэг ч энэ нь тэднийг хүлээн зөвшөөрөгдөх дургүй, эсвэл ийм байх ёстой мэтээр хүлээж авахад зүгээр гэсэн үг биш юм. Хэрэв тэд өөрсдийнхөө төлөө зогсож сурахгүй юм бол Хамгаалагчид урам зориг, санаа сэдлээ чимээгүйхэн алдаж, эцэст нь тэднийг үнэлэхгүй байгаа хүмүүст гомдох хандлагатай болж магадгүй юм.
Бусдад болон өөртөө туслах
Хэдийгээр тэд дотогшоо хүмүүс ч гэлээ Хамгаалагчид нийгмийн гүн гүнзгий шинж чанартай байдаг. Хамгаалагчид бусад хүмүүсийн амьдралын нарийн ширийн зүйлсийг санадаг чадварынхаа ачаар найз нөхөд болон танилууддаа тэднийг хардаг, мэддэг, хайрладаг гэх мэдрэмжийг төрүүлэх онцгой авьяастай. Том, жижиг ямар ч тэмдэглэлт үйл явдалд тохирох зөв бэлгийг сонгох тал дээр Хамгаалагчдын чадварт цөөн хүмүүс л дөхөж очно.
Тууштай, бодлоготой Хамгаалагчид нь эргэн тойрныхоо хүмүүст тогтвортой, аюулгүй, аз жаргалтай амьдралыг бий болгоход туслахдаа маш их баяр баяслыг олж авдаг. Ийм төрлийн зан чанартай хүмүүс бусдад тусалдаг шигээ өөртөө туслах нь амаргүй байж болох ч, тэд үүнийг хийх үедээ дэлхий ертөнцөд сайн сайхныг бүтээх илүү их эрч хүч, урам зоригтой болж байгаагаа анзаардаг.